Wednesday 15 May 2013

Үнэхээр гайхамшигтай ертөнц шүү...

What a Wonderful World
Ирээдүйг гэрэлтэйгээр харсан, амьдрал, биднийг хүрээлэн буй бүхий л зүйлд талархсан, халуун дулаан  амьсгалтай, зөөлөн эелдэг аялгуутай, өөдрөг сайхан дуу билээ. ABC студийн продюсер Бооб Тиэл (Bob Tiele), Жоорж Үэйс (George Weiss) нар бичиж, анх 1968 онд Луис Армстронгоор дуулуулжээ. Эхлээд Сачмод биш Тоони Бээннэтэд (Tony Bennett) өгсөн, азгүй тэр дуучин саналыг нь хүлээн аваагүй юм билээ. ABC студийнхан өөрсдөө ч олигтой дуу гэж тоогоогүй учир тусгайлан дэмжээгүй, тиймээс дуу гараад АНУ-д амжилтанд ч хүрсэнгүй, мянга хүрэхгүй хувь л зарагджээ. Харин Их Британид даруй алдаршиж, Хит-ийнх нь (UK Singles Chart) нэгд жагссан байна. Энэ амжилтаараа Армстронг Хит Парадад нэгд орсон хамгийн ахмад буюу 66 нас 10 сартай дуучин гэсэн алдрыг бас хүртсэн аж.
1988 онд Рообин Уиллиамсын (Robin Williams) тоглосон “Өглөөний мэнд, Вьетнам” (Good Morning, Vietnam Touchstone Pictures, directed by Barry Levinson) киноны хамгийн чухал хэсэгт уг дууг ашигласнаар сая АНУ-д алдаршсан байна. Тэгэхэд Сачмо бурхан болоод бараг хориод жил өнгөрсөн байв. Үүнээс хойш Үилли Нээлсон (Willie Nelson), Роод Стюарт (Rod Stewart), Стийви Уондер (Stevie Wonder), Сэлийн Дион (Celine Dion) гэх мэт олон алдартай дуучин “What a Wonderful World”-ыг дуулсан билээ.




Үнэхээр гайхамшигтай ертөнц шүү...  /Хадаж орчуулъя/
I see trees of green, red roses too
Би ногоон мод, бас улаан сарнайг харж байна.
I see them bloom for me and you
Би тэдгээрийг чиний миний төлөө дэлбээлэхийг харж байна.
And I think to myself what a wonderful world.
Тэгээд би өөртөө “Ямар гайхамшигтай ертөнц вэ” гэж бодно.
I see skies of blue and clouds of white
Би хөх тэнгэр, цагаан үүлийг харж байна.
The bright blessed day, the dark sacred night
Гэгээн, ерөөлт өдрийг, ариун харанхуй шөнийг (би харж байна)
And I think to myself what a wonderful world.
Тэгээд би өөртөө “Ямар гайхамшигтай ертөнц вэ” гэж бодно.
The colors of the rainbow so pretty in the sky
Солонгын өнгүүд тэнгэрт маш гоё
Are also on the faces of people going by
Өнгөрөн яваа хүмүүсийн нүүрэн дээр бас (тэр өнгө байна)
I see friends shaking hands saying how do you do
Найзууд гараа барилцан “Сайн байна уу” гэж хэлэхийг би харж байна.
They're really saying I love you.
Тэд үнэндээ бол “Би чамд хайртай” гэж хэлж байна.
I hear babies cry, I watch them grow
Нялхас уйлахыг би сонсоно, тэдний өсөхийг би харна.
They'll learn much more than I'll never know
Тэд миний хэзээ ч мэдэхгүй ихийг сурах болно.
And I think to myself what a wonderful world
Тэгээд би өөртөө “Ямар гайхамшигтай ертөнц вэ” гэж бодно.



Үнэхээр гайхамшигтай ертөнц шүү - 2

/1. Санааг нь нэмж хасалгүйгээр 
2. Яруу найргийн хэв маягт дөхүүлээд 
3. Монгол хэлээр яг аяар нь дуулж болохуйц/


Час улаан сарнай ... ногоохон модод
Чамд бас надад ... дэлбээгээ бэлэглэхийг хараад
Өөртөөн би бодном:
Үнэхээр гайхамшигтай ертөнц шүү
Асар тэнгэрийн хөхийг ... арсах үүлсийн цагааныг
Ариухан шөнө ... гэгээхэн өдрийг хараад
Өөртөөн би бодном:
Үнэхээр гайхамшигтай ертөнц шүү.
Өнгө өнгийн солонго... өндөр тэнгэрийн чимэг
Өөдөөс ирэх хүмүүс ... царай нь ч бас өнгөлөг
Бэлгэтэй үг солилцоод ... гар гараа барилцана
Би чамд хайртай гэж ... үнэндээ хэлж буй хэрэг.
Хүүхэд уйлахыг сонсохоор... өсч томрохыг нь харахаар
Хүний санаад оромгүй... ихийг сурна гэж санахаар
Өөртөөн би бодном:
Үнэхээр гайхамшигтай ертөнц шүү...

“Уутан амт” Луис Армстронг. “Попс”, “Сачмо” гэх мэт олон хоч нэрээрээ алдартай, Луис Армстронг (Louis Armstrong, 1901/08/04 – 1971/07/06) бол 20-р зууны хөгжим, урлагийн түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн, ялангуяа жааз хөгжимд хувьсгал хийсэн гавьяатан билээ. Зүгээр л захын нэг урлаг судлалын толь бичгийг нээхэд Армстронгийн талаар дор хаяж доорх мэдээллүүд бол байж л байна. Үүнд:
• Армстронг дуучны хувьд ч, хөгжимчний хувьд ч, аль алинаар нь өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг үндэслэсэн, тэр нь өнгөрсөн хийгээд энэ зууны жааз хөгжмийн бүх төлөөлөгчдөд ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн.
• Бүтэн тавин жилийн туршид дуу зохиосон, ихэнх дуу нь зүгээр нэг гараад өнгөрдөг дуу биш, тухайн үедээ хит болсон, зарим нь өнөөг хүртэл үе үеийн туршид дуулагдсаар буй мөнхийн бүтээл болсон билээ. Өнөөдрийн кино, шоу, телевизийн бүтээлүүдэд Армстронгийн дуу цуурайтсаар л байна. Гуч гаруй кинонд тоглож, дүрээ мөнхөлсөн. Ялангуяа хошин шогийн агуу их мэдрэмж нь кинонуудад нь тод харагддаг.
• Хэдэн арван хөгжмийн зохиол, аялгуу бичсэн нь жааз хөгжмийн үлгэр жишээ бүтээл хэмээн тооцогддог.
• Концерт, тоглолтоос хэзээ ч залхуурч, хойш сууж байсангүй, дэлхийн өнцөг булан бүрээр тойрч, зарим жил 300 гаруй тоглолтод оролцсон байдаг.
Хорьдугаар зууны эстрадын хамгийн анхны жинхэнэ гялалзсан оддын нэг Армстронгийн бага нас тэр үеийн бусад хар жаалуудын адил тийм ч амар байсангүй. 1901 онд Шинэ Орлеанд харуудын ядуу хороололд төрж, хар нялхдаа эцэгтээ хаягдан, ээж, эмээ хоёр дээрээ өсчээ. Өвөө эмээ нь боол байсан тэрбээр авьяасаа ашиглан гудамжинд тоглож эхэлсэн байдаг. “Сачмо” гэж хоч нь “Satchel Mouth” буюу “уутан амт” “цүнхэн амт” гэсэн үгийн товчлол юм. Зарим намтарт бичсэнээр том амтай болохоор ийн хочлогдсон гэх, харин намтар судлаачдын зарим нь арай өөр түүхийг өгүүлж байна. Луис хүү гудамжинд тоглож тоглож олсон хэдэн задгай мөнгөө том хүүхдүүдэд алдахгүйн тулд амандаа үмхээд харьдаг байжээ. Тэгээд л “уутан амт” болсон хэрэг.  Хожим том болсон хойноо ч, нэрд гарч амжаагүй байхдаа өдөр нь уурын тэргэнд кочгар хийгээд, орой нь шөнийн клубт бүрээ, корнет тоглон амьдралаа залгуулдаг байж..




"Universe Best Songs 2013" шилдэг оролцогчид - What a wonderful world
Eva Cassidy - What a Wonderful World
Israel "IZ" Kamakawiwoʻole - "What A Wonderful World"
Good Morning Vietnam-Scene with song What A Wonderful World
Richard Clayderman - What a wonderful world (piano)
Орчуулга: Мягмарын Саруул-Эрдэнэ

5 comments:

Anonymous said...

Сайн байна уу.
Энэ яг миний хүсээд байсан блог байнаа.
Дууны үгнүүдийг ингээд орчуулчдаг.
Их буянтай хүүхэд байна.
Угаасаа хүчирхэг блог болохын байна санаа нь зөв болохоор санаагаа дагаад заяа нь зөвөрнө.
би хуулаад байх байх эх сурвалжийн дурдахгүй хуулчих байх шүү :P
гэхдээ угаас хүмүүс мэдчих байх лд ;)

Anonymous said...

Энэ дууг орчуулгуулы

http://www.youtube.com/watch?v=m46wPrwEUEg

Unknown said...

Сайхан болжээ надад яг л энээ хэрэгтэй байсийн та бүхэн надад нэг дуу орчуулж өгч тус болооч enrique iglesias ийн why not me дууг орчуулж өгөөч би өөрөө орчуулаад үзсэн чинь нэг л сайн болж өгдгүй ээ утгийг нь сайн гаргаж чадахгүй байна

Уйгаржин said...

www.Facebook.com/groups/EnriqueIglesiasFanClubMongolia энэ дотор байгаа гэсэн

Anonymous said...

why not me дууны орчуулга http://www.youtube.com/watch?v=VQOqOIsmWqI

Post a Comment